Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.09.30/ мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдлээр 2025 оны 7 дугаар сарын 9-ны өдөр Эрдэнэс таван толгой ХХК-д онцгой дэглэм тогтоож хяналт шалгалт ажлыг эхлүүлж, нүүрсний хулгайтай тэмцсэн ажлынхаа үр дүнг танилцууллаа.
Тэрбээр “Эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний хулгайтай тэмцэхээр бид ажлаа эхлүүлсэн. Эдийн засгаа сэргээнэ гэдэг нь “нүүрсний хулгай”-тай тэмцэнэ гэсэн үг.
Эрдэнэс Таван толгой ХХК-д явагдсан хяналт шалгалтаар нүүрсний хулгайн маш олон арга хэлбэрүүд ил болсон. Бүгдийг нь баримт нотолгоотойгоор АТГ-т шилжүүлсэн.
Намайг ерөнхий сайдаар томилогдох үед:
-Төсөв 3.3 их наяд төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн.
-Нүүрсний үнэ буурснаас эдийн засгийн өсөлт 2.5 болж унасан.
– Улсын төсвийг 2.2 их наядаар хэмнэсэн төсвийн тодотголыг хийсэн.
Эрдэнэс таван толгойд онцгой дэглэм тогтоосны үр дүнд:
8 дугаар сарын дүнгээр:
-Эдийн засгийн өсөлт 5.7
-Борлуулалтын орлого 1.6
– Биржийн тээвэр 1.5
– Экспорт 1.2
– Үр ашиг 3
– Орлого 1.3
– Олборлолт 1.1 дахин их болж өссөн.
-Баяжуулах үйлдвэр рүү хийгдэж байсан тээврийн зардлыг 1.5- 400 мянган төгрөг болж бууруулсан. Ингэснээр эдийн засаг 5.7 хувь болж өсөөд, валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Өнөөдөр эдийн засаг сэргэсэн. Энэ нь тэнд бугшсан байсан хулгайтай тэмцсэний үр дүн юм.
7 дугаар сарын 19-ны өдөр бид Таван толгой компани дээр очиж ажиллахад олон арван хулгайн талаар яригдаж байсан. Бүгдийг нь таслан зогсоож АТГ-т шилжүүлсэн. Бидний зүгээс нүүрсний хулгайг таслан зогсоохын тулд, эдийн засгаа сэргийхийн тулд тэнд байгаа орд газруудын үр ашгийг сайжруулах шаардлага гарсан. Тийм учраас улсын төсөвтэй хамт эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа цорын ганц орд болох Таван толгойн таван ордын нэг Бор тээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их хурлын төсөвтэй хамт УИХ-д өргөн барьсан.
Бор тээгийн ордыг ашиглах тогтоол өргөн баримагц УИХ-ын даргад нэр дэвшихгүй гэж 3 сарын өмнө ярьж байсан дарга маань яаран сандарч нэр дэвших мэдэгдэл хийж эхэлсэн.Та хэдийн санаж байгаагаар нүүрсний хулгайтай тэмцэж, залуучууд гудамжинд жагсаал хийж байсан. УИХ-ын даргыг нүүрсний хулгайн тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд хамтарсан гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь Их хурлын дарга энэ асуудалд нэр холбогдсон байсан.
Өнөөдөр бид эвлэлдэн нэгдэх тухай ярьж байна. Эв нэгдэл шудрага ёсон дээр тулгуурлах ёстой учраас Монгол Улсын Ерөнхий сайд би Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хуул зүй, Дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэн дээ хандан хэлж байна” гэв.
