Нүүр хуудас Бусад Насанд хүрээгүй хүүхдүүдийн жолоодсон тээврийн хэрэгслийн ослоор 6 хүн амиа алджээ

Насанд хүрээгүй хүүхдүүдийн жолоодсон тээврийн хэрэгслийн ослоор 6 хүн амиа алджээ

Сүүлийн гурван жилийн хугацаанд насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасны улмаас зургаан хүн амиа алдаж, хорин нэг хүн гэмтсэн талаар Тээврийн прокурорын газраас мэдээллээ.

Тус байгууллагаас энэ оны аравдугаар сарын хорьны байдлаар насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн хорин дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эдгээр ослын улмаас найман хүн хүнд, арван нэгэн хүн хүндэвтэр, хоёр хүн хөнгөн гэмтсэн байна.

Осол гаргасан хүүхдүүд бүгд эрэгтэй бөгөөд арван таваас арван долоон настай байжээ. Тэдний хорин нэг нь автомашин, гурав нь мотоцикл жолоодож байсан бөгөөд нэг хүүхэд согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

Шүүхээс таван хүүхдэд хорих, хоёр хүүхдэд зорчих эрх хязгаарлах ял оноож, арван нэгэн хүүхдийг тэнссэн байна. Мөн дөрвөн хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хоёр хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна.

Прокурорын байгууллагаас эцэг эхчүүдэд тээврийн хэрэгслийн түлхүүрээ хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах, хараа хяналтаа сайжруулах, жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцохын хор уршиг, хуулийн хариуцлагыг ойлгуулахыг анхаарууллаа.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version