АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, Нобелийн энх тайвны шагналт Аль Горын үүсгэн байгуулсан The Climate Reality Project ашгийн бус байгууллага өнөөдөр буюу 2025.10.02-нд Улаанбаатар хотноо Climate Reality Leadership Corps манлайлыг зохион байгуулж байна.
Дэлхий даяар хэрэгжүүлж байгаа Reality Tour аяны нэг хэсэг болсон энэхүү цуврал сургалт энэ жил Парис, Найроби, Рио-де-Жанейро зэрэг хотод зохион байгуулагдах бөгөөд Улаанбаатар хот 4 дэх зогсоол нь болж байна. Сургалтад Аль Гор биечлэн ирж, уур амьсгалын өөрчлөлтийн бодит байдлыг баримт, шинжлэх ухаанд тулгуурлан ярихын зэрэгцээ шийдэлд чиглэсэн дэлхийн туршлагыг танилцуулж байна. Сургалтын агуулгад,
- Иргэдийн оролцоонд суурилсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөнийг өрнүүлэх,
- Эрчим хүчний бие даасан байдлыг хангах улс төрийн хүсэл эрмэлзлийг бий болгох,
- Сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоогоо ашиглан нүүрсний эрчим хүчнээс үе шаттайгаар татгалзах зэрэг сэдэв багтсан юм.
Үүнээс гадна, цэвэр эрчим хүчний санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжуудыг хэлэлцэж, уур амьсгалын шударга ёсны цогц асуудлуудыг хөндөх бөгөөд үүнд нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдлын олон нийтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, уламжлалт нүүдлийн соёл, өв уламжлалыг хамгаалах, мөн Монголын тал хээрт нутагшсан биологийн олон янз байдлыг хадгалж үлдэхийн тулд цөлжилттэй хэрхэн тэмцэх зэрэг сэдвүүдийг онцлов.
Энэхүү арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох асуудлаар дуу хоолойгоо хүргэж, бодит шийдэл хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг олон улсын болон иргэний нийгмийн 20 гаруй байгууллага дэмжин оролцож байна. Зөвхөнд Монголд төдийгүй олон улсын хэмжээнд чухал ач холбогдолтой энэхүү үйл ажиллагаа нь 2025 оны 11 дүгээр сард Бразил улсад болох НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30)-ыг угтаж, дэлхий даяар зоримог, өргөн хүрээтэй уур амьсгалын үйл ажиллагааг шаардах нэгдсэн уриалгыг бий болгохыг зорьж байна.
Эх сурвалж: The Climate Reality Project
