Нүүр хуудас Бусад Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг...

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.10.02/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт Улсын Их Хурлын 74 гишүүний ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа даргалсан.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүний энэ оны 6 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга танилцуулав.
Хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаврын үнэлгээний тайланд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж нь импортоос хамааралтай, хүртээмж нь газар зүйн байршлаас хамаарч харилцан адилгүй байгаа, ядуурлын түвшин буурсан ч ядууралд ойрхон байгаа хүмүүс аливаа сөрөг хямрал үүсэхэд өртөх эрсдэлтэй байгаа тул хуулийн төслийг боловсруулсан байна.
Төсөлд хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжилтийг нь дэмжих тогтолцоо, түүнтэй холбогдох зохицуулалт болон хоол хүнснээс гаралтай халдварт бус өвчлөл бууруулах зорилгоор “хүн, мал, амьтан, ургамал, байгаль орчны эрүүл аюулгүй байдлын харилцан шүтэлцээг хангах” зарчмыг тусгасан байна. Мөн уг төслөөр хүнсний сүлжээнээс зохицуулагдаагүй үлдсэн тээвэрлэлт, хадгалалт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний худалдаа, түгээлттэй холбогдсон харилцаа, мөн сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дотоодын үйлдвэрлэлийн хүнсний түүхий эд, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлтийг дэмжих зохицуулалтыг тусгав. Түүнчлэн мэргэшлийн сургалт, мэргэшлийн зэрэг олгох, хүнсний чиглэлийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжиж, хүнсний зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгаа хийхэд эрдэм шинжилгээний байгууллагын оролцоог чухалчилж, эрдэм шинжилгээний байгууллага, түүний чиг үүрэгтэй холбогдсон зохицуулалтуудыг тусгасан талаар танилцуулгад дурдлаа.
Хуулийн төсөл батлагдсанаар хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо иж бүрэн, цогц байдлаар хэрэгжиж, хүнсний баталгаат байдал сайжрах төдийгүй хүнсний экспортын чанар сайжирч, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэх юм байна. Түүнчлэн хяналтын тогтолцоог оновчтой болгосноор хүнсний сүлжээнд бүхэлд нь буюу хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэл, хүнсний үйлдвэр, тээвэр логистик, гадаад, дотоодын хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, түгээлт, хэрэглэгчийн хүнсний хэрэглээнд тавих хяналт сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version