ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас нийслэлийн Засаг даргад олгох тухай тогтоолыг өнөөдөр баталлаа. Энэхүү төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих мега төсөл болж түүхэн бүтээн байгуулалтын шанг татаж байна. Дулааны цахилгаан станц төсөл нь Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг хангах, эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах зорилготой стратегийн бүтээн байгуулалт юм.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай энэхүү төслийг ил тод, олон нийтэд нээлттэй байдлаар хэрэгжүүлж олон улсын стандартад нийцсэн чанартай бүтээн байгуулалтыг богино хугацаанд гүйцэтгэхийг онцолж “ДЦС-5 бол зөвхөн нэг станц бус Монгол улсад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээх томоохон төсөл” гэдгийг тодотгов.
ДЦС-5 төслийн хэрэгжилтийн явцад 1600 ажлын байр шинээр бий болж, ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр бий болохоос гадна инженер, техникийн мэргэжилтнүүдийг сургах, дотоодын үйлдвэрлэл үйлчилгээний салбарыг дэмжих зэрэг олон талын үр өгөөж үзүүлэх юм.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэлийн төсвөөс үе шаттай санхүүжүүлнэ.
Энхэүү төсөл нь Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн бодлоготой бүрэн уялдсан. Эрчим хүчний салбарт байгаль орчинд ээлтэй, өндөр үр ашигтай технологийг нэвтрүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал алхам болж буй. ДЦС-5 төсөл нь зөвхөн нийслэлийн эрчим хүчний хангамжийг сайжруулах төдийгүй Монгол Улсад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх суурийг тавьж, цаашид эрчим хүч, тээвэр, ус хангамж, хог хаягдлын менежмент зэрэг дэд бүтцийн мега төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх зүйн болон интитуцийн шинэ боломжийг нээж байна.
