Улаанбаатар хотод 176 мянга орчим өрх галлагаатай амьдарч байгаа бөгөөд нөхцөл байдалтай танилцахад 7000 гаруй өрхтэй хороонд 2 борлуулах цэг ажиллаж байхад, 2000 орчим өрхтэй хороонд 3 цэг байрлах зэрэг зөрүү гарсан байна.
Түлш борлуулалтын нэг цэг өдөрт 5-10 тонн түлш нийлүүлэгдэж, өрх бүрт өдөрт 3 шуудай, 7 хоногт 7 шуудай түлш олгож байгаа нь иргэдийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байгаа юм. Мөн “Хотула” аппликейшнд түлшний үлдэгдэлтэй гэж зааж байгаа ч газар дээр нь очиход түлш дууссан байх, байршлын мэдээлэл тодорхойгүй байх зэрэг зөрчилж илэрч байгаа аж.
Иргэдийн зүгээс Хүний эрхийн Үндэсний Коммисын ажлын хэсэгт дараах мэдээллийг өглөө. Үүнд:
Зарим иргэдийн хэлснээр хагас коксжсон шинэ төрлийн түлш нь өмнөх нүүрснээс илч багатай, хурдан шатаж дуусдаг, килограмм нь жиндээ хүрдэггүй
Иргэд түлш авахын тулд гэрээсээ хол явж, дараалалд олон цаг зогсох, ажлаасаа хоцрох зэрэг хүндрэл байнга гарч байгаа бөгөөд зарим тохиолдолд 10 гаруй цэгээр орсон ч түлш авч чадахгүй байна. ХЭҮК-оос нөхцөл байдал хүнд байна хэмээн дүгнэж холбогдох албан тушаалтнуудад санал, зөвлөмжийг илгээхээр болсон байна.
