“Dazed 100” нь жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн сэтгэл хөдөлгөм, шинэлэг уран бүтээл туурвиж буй 100 уран бүтээлч, хамтлаг, бүтээлч санаачлагыг онцолдог нэр хүндтэй жагсаалт бөгөөд тэдний урлаг, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл, соёлын шинэ давалгааг харгалзан шалгаруулдгаараа онцлогтой. Энэ удаагийн жагсаалтад багтсан Монгол уран бүтээлчид нь өөр өөрийн өвөрмөц өнгө аяс, туршилт, шинэ дуугаралтаараа олон улсын шүүмжлэгчид, сонсогчдын анхаарлыг татжээ.
Энэхүү амжилт нь Монголын залуу уран бүтээлчид дэлхийн соёл, урлагийн урсгалд идэвхтэй оролцож, өөрийн дуу хоолой, өнгө төрхийг тодорхой илэрхийлж чаддагийн тод жишээ болж, үндэсний хөгжмийн салбарын хувьд чухал үйл явдал боллоо.

Америкийн телевизийн нэвтрүүлгээр кантри хөгжмийг толилуулж, олны анхаарлыг татсан Энх-Эрдэнэ Отгонбаатар нь өдгөө Монголын “ард түмний дуучин” хэмээн нэрлэгдэхүйц хэмжээнд хайрлагдсан уран бүтээлч болжээ. Түүний гүн, дулаан баритон хоолой нь Монголын уламжлалт хөгжимөөс эхлээд поп, кантри, рок зэрэг олон төрлийн урсгалыг байгалийн мэт чөлөөтэй холбодог. Мөн Америкийн кантри хөгжмийн шүтэн бишрэгчдийн дунд “Монголын Гарт Брукс” гэх хоч хүртэл авсан нь түүний олон улсын фэнүүд хэр бат бөх байгааг харуулна.
Энгүүн нь Монгол гаралтай дуучин, дуу зохиогч, мөн хийлч уран бүтээлч юм. Тэрээр 17 настайдаа “The Voice of Mongolia” шоуны 1-р улиралд түрүүлснээр олон нийтэд хүчтэйгээр танигдсан. Классик суурьтай хөгжмийн техникийг орчин үеийн мэдрэмжтэй хослуулсан дуугаралтаараа Монголын шинэ үеийн хөгжмийг төлөөлөх хоолой болон өсөн хөгжиж байна. Солон уран бүтээлчийн хувиар дуу зохиох, үг бичих зэрэгт идэвхтэй ажиллаж, өөрийн гэсэн хөгжмийн ертөнцийг тэлсээр байгаа юм.
Magnet Brain нь 1998 онд Улаанбаатар хотод төрсөн Монголын R&B уран бүтээлч юм. Тэрээр 2020 онд “Fakin’” синглээрээ дебют хийж, Монголын хөгжмийн ертөнцөд мэдрэмжтэй, туршилтлаг өнгө аяс бүхий дуугаралтаараа анхаарал татсан. Түүний хөгжим нь сэтгэл хөдлөл, уян налархай байдлыг илэрхийлсэн өвөрмөц стильтэй бөгөөд “Soul Mantra” хэмээх уран бүтээл нь түүний онцлогийг тодорхой харуулдаг. 2025 онд Berlin Music Video Awards-аас Best Song болон Best Emerging Artist шагналуудыг хүртсэн нь түүний уран бүтээлийн чанар, олон улсын түвшинд үнэлэгдэж байгааг баталсан юм. Өөрийн дотоод мэдрэмж, орчин үеийн поп/R&B урсгалыг уялдуулсан стильтэй Magnet Brain нь олон сингл, EP гарган, уран бүтээлийн цар хүрээгээ тасралтгүй тэлсээр байна.
SHUWU нь Монголын хип хоп ертөнцөд богино хугацаанд тод байр суурь эзэлж чадсан, одоо идэвхтэй уран бүтээл туурвиж буй уран бүтээлч юм. Тэрээр Монголын рэп урсгалыг суурь болгон, trap болон underground өнгө аясыг шингээсэн дуугаралтаароо өөрийн гэсэн онцгой стилийг бүрдүүлжээ. 2025 онд бүрэн хэмжээний цомог болон хэд хэдэн сингл, хөгжмийн видеонуудыг дараалан гаргаснаар уран бүтээлийн идэвхээ эрс нэмэгдүүлсэн. Тогтвортой, бат бөх фен баазыг бий болгож, инди болон андерграунд хип хоп хүрээлэлд шинэ үеийн рэппер хэмээн онцгойлон анхаарал татаж байна. Монголын хөгжмийн шинэ урсгалыг тодорхойлох залуу уран бүтээлчийн нэг болон өсөн хөгжиж буй авьяастан юм.