Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн Берлин хотноо нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Германы Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар хамтран нээв.
Тус үзэсгэлэнд Монгол Улсад сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд хийсэн археологийн судалгааны олдворууд, нүүдэлчдийн соёл, Монголын эзэнт гүрний түүхийг харуулсан ховор дурсгалуудыг дэлгэжээ. Тухайлбал, Монгол, Германы хамтарсан судалгаагаар Хархорум хот өрнө, дорныг холбосон худалдаа, соёл, шашны томоохон төв байсныг нотлох олдворуудыг танилцуулж байна.
Хоёр улсын төрийн тэргүүн нар энэхүү үзэсгэлэн Монголын түүх, соёлын өвийг Европын олон нийтэд таниулахын зэрэгцээ хоёр орны соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдгийг онцоллоо.
Үзэсгэлэн Берлин хотын Музейн арал дахь “Жеймс Симон” галерейд өнөөдрөөс эхлэн ирэх оны дөрөвдүгээр сарын арван наймныг хүртэл олон нийтэд нээлттэй байх юм.
