2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын системийн тусламжтайгаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д “Эгнээ байр буруу эзэлж, байрлан явах” гэж заасны дагуу зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцож эхэлсэн.
Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллаж, иргэдээс ирсэн санал, гомдолтой танилцсан юм. Энэ үеэр холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө.
“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа “Энд нэг зүйлийг тодотгох нь зүйтэй. Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй. Учир нь уулзвар зам дээр ажиллаж байгаа бүх хяналтын камерын бичлэгийг эрх бүхий албан тушаалтан үзэж, шалгасны үндсэн дээр торгууль илгээдэг. Бусдад зам тавьж өгсөн, осол аваар гарсныг тойрсон зэрэг тохиолдолд ямар ч торгууль ноогдуулахгүй. Мөн стандарт, шаардлага хангаагүй уулзвар, зам дээр ямар ч зөрчил илрүүлж хариуцлага тооцохгүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон замыг шинэчилж, энэ хүрээнд тэмдэг тэмдэглэгээг сайжруулж ажилласан” гэлээ.
Хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камераар
- Урсгал сөрөх,
- Шугам давах,
- Гэрлэн дохио зөрчих,
- Замын тэмдэг тэмдэглэгээ зөрчиж эргэх,
- Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон,
- Эгнээ байр буруу эзэлсэн,
- Үргэлжилсэн цагаан зураас давсан зэрэг үзүүлэлтээр зөрчил илрүүлж байна. Тиймээс иргэд урьдын адил Онцгой байдал болон Түргэн тусламжийн машинд зам тавьж, чөлөөлж өгөхийг уриалж байна.
