Мин овог нь 2000-аад оны эхээр Лауккайгт хүчээ авсан “загалмайлсан эцэг” маягийн цөөн гэр бүлийн нэг байв.
Хятадын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Хятад улс Мьянмарын зүүн хойд хил орчимд луйврын төвүүд ажиллуулж байсан нэр хүнд муутай мафийн гэр бүлийн 11 гишүүнийг цаазалжээ.
Мин овгийн эдгээр гишүүдийг хүн амины хэрэг, хууль бусаар хорих, залилан, мөрийтэй тоглоомын газар ажиллуулах зэрэг олон гэмт хэрэгт буруутган өнгөрсөн есдүгээр сард Жэжян мужийн шүүхээс ял оноосон.
Мин овог нь Лауккайг хотыг хяналтдаа байлгаж байсан олон бүлэглэлийн нэг бөгөөд ядуу, алслагдсан сууринг казино, улаан дэнлүүний дүүрэг бүхий тансаг төв болгон хувиргасан гэгддэг.
Тэдний луйврын сүлжээ 2023 онд нуран унасан бөгөөд тухайн үед Мьянмарын армитай мөргөлдөөн ширүүссэн үеэр Лауккайгийг эзлэн авсан үндэстний зэвсэгт бүлэглэлүүд Мин овгийн гишүүдийг баривчилж, Хятадад шилжүүлэн өгчээ.
Мин овгийн гишүүдэд цаазын ял оноож буй нь Бээжин болзошгүй луйварчдад сэрэмжлүүлэг, айдас төрүүлэх мессеж илгээж байгаа хэрэг юм. Гэвч уг бизнес одоо Тайландтай хиллэдэг Мьянмарын бүс нутаг, мөн Камбож, Лаос руу шилжсэн бөгөөд тэнд Хятадын нөлөө харьцангуй бага юм.
НҮБ-ын тооцоогоор Мьянмар болон Зүүн Өмнөд Азийн бусад орнуудад олон зуун мянган хүн онлайн луйварт “хүчээр” татагдсан байна. Тэдний дунд олон мянган хятад иргэн бий бөгөөд хохирогчид нь тэрбум тэрбумаар нь доллараа залилуулсан хятадууд байдаг.
Мьянмарын цэргийн дэглэм луйврын бизнесийг зогсоохоос татгалзаж, үүнээс ашиг хүртэж байсан байж болзошгүй гэдэг мэдээлэлд Бээжин дургүйцэн, 2023 оны сүүлчээр Шан мужид болсон үндэстний босогчдын эвслийн довтолгоог дэмжсэн гэдэг. Энэхүү эвсэл нь цэргийнхнээс томоохон газар нутгийг булаан авч, хил орчмын чухал хот болох Лауккайгийг эзэлжээ.






