Нүүр хуудас Онцлох НАУРЫЗ баярын мэнд

НАУРЫЗ баярын мэнд

Монгол түмний нэгээхэн хэсэг казах үндэстэн Наурызын баяр 3-р сарын 22, 23-ны өдрүүдэд тохиож байна. Наурыз буюу Нарны баяр нь өдөр, шөнө тэнцдэг өдөр тохиодгоороо онцлогтой юм.

НАУРЫЗ ЭХЭЛЛЭЭ

Наурызын баярыг ахан дүүс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа /настнуудаа/ хүндэтгэнэ. Харин настнууд үр хүүхэд, залууст эрхэм сургаалиа хайрлан хүртээж, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа шүүн хэлэлцдэг сайхан ёслол юм.

Учран золгохдоо “Наурыз” баяртай холбоотой хүндэтгэлийн ерөөлийн үг хэлцгээнэ.

Наурыз баярын мэнд!
Идээ будаа арвин байг! зэрэг сайхан ерөөлийн үг хэлцгээнэ.

Уг баярыг тэмдэглэх нь хүүхэд залуусын хүмүүжилд чухал нөлөөтэй. Залуучууд өндөр настандаа очиж золгон тэднийхээ сургаалийг сонсоно. Шинэ онд хэрхэн ажиллаж, амьдрахаа ахмадуудаараа заалгана. Ингэснээрээ ахмадуудаа хүндэтгэн хайрлаж, тэднийхээ үг, сургаалийг ёсчлон хэрэгжүүлэх өндөр хариуцлага тэдэнд ирдэг. Мөн ах, дүү хамаатан садандаа золгоно.

Хэн нэг хүнтэй түнжин хагарсан бол эвлэрэхээс гадна өр шир тавьсан бол заавал дарж шинэ онд өрийн дарамтгүй, сэтгэл тайван явахыг хичээх ёстой гэж үздэгээрээ Монголын цагаан сартай төстэй.

Наурызын орой залуус савлуураар савлуурдаж, “Көкпар”, “Бәйге”, “Қыз қуу”, “Жамбы ату” зэрэг үндэсний тоглоом наадгайгаар нааддаг. Алты бакан буюу савлуураар залуус наадахдаа хос хосоороо суугаад дуулж хөгжилдөнө. Наурызын баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгvй нэр төрлийн хоол байх учиртай. Түүний нэг нь шөл. Сонгино, давс зэрэг долоон төрлийн амтлагчтай, махны шөл ууна. Энэ шөлийг хүн бүр ууна. Баяраар хэчнээн олон айлд шөл уувал төчнөөн сайн байна гэж үздэг. Махаа гал дээр болгож, шөлийг нь уух дуртай байдаг нь нэгт хоолны амт шимтэй холбоотой, хоёрт галыг ариусгах шидтэй, сайн сайхны бэлгэдэл гэж үздэгтэй холбоотой юм. Зөөлөн гал дээр болсон шөлөндөө хөц будаа, аарц хийж иднэ.

Хамгийн настай, хүндтэй нэгнээр тухайн зоог, ирсэн зочдод зориулан бата- ерөөл хэлүүлдэг байна. Уг ерөөлийг хэлж байхад бүгд алгаа хавсран нүүр лүүгээ харуулж барина. Ерөөл хэлж дууссаны дараа хамтдаа бүгд “Амин” буюу “ерөөл бат оршиг” гэсэн утгатай үг хэлж хавсарсан хоёр алгаа нүүрэндээ хүргэх бөгөөд энэ нь уг ерөөлийг хүлээн авлаа гэсэн утгыг илэрхийлнэ.

Казахуудын хувьд 7-ийн тоо чухал үүргийг гүйцэтгэх бөгөөд баярын хоолны орцонд доорхи долоон төрлийн бүтээгдэхүүн заавал орсон байна. Үүнд: Ус, мах, давс, гурил, үр тарианы төрөл, сүү, өөх тос болно.

Эдгээр долоон бүтээгдэхүүн амьдралын доорхи долоон өнгө, утгыг илэрхийлдэг гэж үздэг. Үүнд: баяр баясгалан, аз жаргал, амьдралын ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгаалах юм.

Эмээ, гэрийн эзэгтэй нар өвлийн идэшнээс авч үлдсэн нарийн нандин, дээж хоол болох жамбас-сүүж, жілік-чөмөгний яс, қазы- казы–ийг зориуд үлдээн Наурыз баярын үеэр хэрэглэнэ. Настай эмэгтэйчүүд «Наурыз баяраар хэрэглэнэ» гэж гүзээтэй шар тос, ааруул, жент зэрэг цагаан идээг зориуд хадгална.

Сайн сайхан утгатай үг хэлэлцэн хоорондоо золгох аваас тэр жилийн туршид тухайн ерөөл шигээ ариун тунгалаг, зөв явна гэж сэтгэдэг тул аль болох зөв, сайхан харьцахыг эрмэлзэнэ. Мэнд усаа мэдэлцэн, амар тайвныг ерөөсний дараа хол, ойрын сонин сайхныг ярилцан, баярын зоог, шүүс барьдаг. Аливаа муу бүхнийг ардаа орхин зөвхөн сайн сайхныг эрмэлзэх тул дайснаа хүртэл өршөөн соёрхо! хэмээн ахмадууд сургамжилна.

Наурыз бол ямар нэгэн шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр юм. Хахир өвлийн хүйтнийг өнтэй даван, хаврын урь орж, хүн амьтны зоо тэнийсэн, өдөр шөнө тэнцэн гэрэл гэгээ нэмсний баяр билээ.

Ингээд нийт Казах түмэндээ Наурызын баярын мэндийг хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Та бүхэн сайхан баярлаарай.

Табиғат, жер-дүниенің жаңарып, жасанатын көктем мезгілінің ұлы мерекесі Наурыз кұтты болсын!

Үлыс оң болсын,
Ақ мол болсын,
Пәле-жала жерге еніп,
Қайда барса жол болсын!

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version