Нүүр хуудас Бусад 8 хүртэлх насны хүүхдийг ганцааранг нь орхихыг хуулиар хориглоно

8 хүртэлх насны хүүхдийг ганцааранг нь орхихыг хуулиар хориглоно

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл найм хүртэлх насны хүүхдийг амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд нь эрсдэл учруулж болзошгүй нөхцөлд насанд хүрсэн хүний хараа хяналтгүй орхихыг хориглох хуулийн төсөл санаачилжээ.

Тодруулбал, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, бага насны хүүхдийг гэрт нь цоожлон үлдээхээс гадна гал, цахилгаан хэрэгсэл, халуун ус, гол, нуур, нүхэн жорлон, авто зам зэрэг аюултай орчинд харгалзах хүнгүй орхихыг хориглохоор тусгасан байна.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр сүүлийн 20 жилийн хугацаанд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 987 хүүхэд амь насаа алджээ. Үүнээс 443 хүүхэд усны ослоор, 361 хүүхэд гал түймэрт өртөж нас барсан байна.

Хуулийн төсөлд хүүхдийг ганцааранг нь үлдээсэн бүх тохиолдолд хариуцлага тооцох бус, тухайн орчин нөхцөл хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэлтэй эсэхийг харгалзан үзэхээр тусгажээ.

Мөн уг зохицуулалтаар эрүүгийн болон зөрчлийн шинэ хариуцлага шууд тогтоохгүй бөгөөд холбогдох хуулиудтай уялдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Хуулийн төсөл батлагдвал 2027.01.01-нээс хэрэгжиж эхлэх юм.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version