Дэлхийд жил бүр 866 сая хүн аюулгүй байдлын шаардлага хангаагүй хоол, хүнснээс шалтгаалан өвчилж, 1.5 сая хүн нас барж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) шинэ судалгаагаараа тогтоожээ.
ДЭМБ-ын 2026 онд танилцуулсан судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдүүд хүнсээр дамжих өвчинд өртөх эрсдэл нь том хүүхэд, насанд хүрэгчдээс бараг гурав дахин өндөр байна. Хэдийгээр энэ насныхан дэлхийн хүн амын есөн хувийг эзэлдэг ч хүнсээр дамжих өвчлөлийн бараг гуравны нэг нь тэдэнд ногдож байгаа юм.
Хүнсний аюулгүй байдал гэхээр зөвхөн муудсан хоол идэж, хордлого авахыг ойлгож болохгүй. Хоол хүнсэнд агуулагдах бактери, вирус, шимэгч хорхойноос гадна хар тугалга, хүнцэл, мөнгөн ус зэрэг химийн бохирдуулагч бодис ч эрүүл мэндэд аюул учруулдаг байна.
Тухайлбал, ДЭМБ-ын тооцоогоор 2021 онд бохирдсон хүнснээс шалтгаалсан нас баралтын 73 хувь нь химийн бодисын нөлөөтэй холбоотой байжээ. Эдгээр бодис удаан хугацаанд биед хуримтлагдсанаар зүрх судасны өвчин, хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна хүүхдийн тархи, мэдрэлийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг.
Энэ нь Монгол Улсад ч анхаарах шаардлагатай асуудал юм. Манай улсын хувьд мах, сүү, цагаан идээ зэрэг амьтны гаралтай бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэдэг. Иймээс түүхий сүүг буцалгах, махыг бүрэн болгож хэрэглэх, хүнсийг зохих хэмд хадгалах, ундны усны аюулгүй байдлыг хангах нь хүнсээр дамжих халдвараас сэргийлэхэд чухал.
Мөн зах, худалдааны төв, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд бүтээгдэхүүний гарал үүсэл, хадгалалт, тээвэрлэлт, ариун цэврийн шаардлагыг мөрдөх нь онцгой ач холбогдолтой. Ялангуяа бага насны хүүхдүүд хоол хүнсний бохирдолд илүү өртөмтгий тул эцэг эхчүүд хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа, бэлтгэх нөхцөлд анхаарах шаардлагатай.
ДЭМБ-ын судалгаагаар хүнсээр дамжих өвчний улмаас 2021 онд дэлхийн хэмжээнд хөдөлмөрийн бүтээмжийн 310 тэрбум ам.долларын алдагдал үүсжээ.
Тус байгууллагаас хүнсний аюулгүй байдлыг зөвхөн хэрэглэгчийн хариуцлага гэж үзэх бус, үйлдвэрлэл, худалдаа, байгаль орчин, эрүүл мэндийн салбарын хамтарсан хяналтаар хангах шаардлагатайг онцолсон байна.
Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO), 2026.06.04.






