Нүүр хуудас Эрүүл мэнд БЗДХ-ын 6679 тохиолдол бүртгэгдэж, бараг тал хувийг нь тэмбүү эзэлжээ

БЗДХ-ын 6679 тохиолдол бүртгэгдэж, бараг тал хувийг нь тэмбүү эзэлжээ

Монгол Улсад 2026 оны эхний 9 сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын  6679 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нийт халдварт өвчний 18.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 889 тохиолдлоор буурсан байна.

Нийт тохиолдлын 44.6 хувийг тэмбүү, 33.7 хувийг заг хүйтэн, 21.3 хувийг трихомониаз, 0.4 хувийг ХДХВ/ДОХ эзэлжээ. Тэмбүүгийн өвчлөл өмнөх оны мөн үеэс 256 тохиолдлоор буурсан ч Говьсүмбэр, Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь, Дорнод аймаг болон Улаанбаатар хотод 10 мянган хүн амд ногдох өвчлөл улсын дунджаас өндөр байна.

БЗДХ нь 19–34 насныхны дунд харьцангуй өндөр бүртгэгддэг. Гэхдээ зөвхөн залуучуудын асуудал биш. Гэр бүлтэй, тогтвортой харилцаатай хүмүүс ч халдвар авах эрсдэлтэй. Эдгээр халдварын зарим нь ямар ч шинж тэмдэггүй явагддаг тул хүн өөрийгөө эрүүл гэж бодож байхдаа бусдад дамжуулах боломжтой.

Тиймээс зовиургүй байна гэдэг нь халдваргүй гэсэн үг биш. Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон бол тохирох хугацаанд шинжилгээ өгөх нь чухал. Мөн шинж тэмдэг илэрсэн үед дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь нэг хүн хэд хэдэн халдвараар зэрэг өвчилсөн байж болох бөгөөд буруу эмчилгээ нь халдварыг бүрэн эмчлэхгүй байх, нянгийн антибиотикт тэсвэржилт үүсгэх эрсдэлтэй.

Жирэмсэн эх халдвар авбал хүүхдэд ямар аюултай вэ?

Жирэмсэн үед бэлгийн замаар дамжих халдвар авбал зөвхөн эхийн төдийгүй хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хүндрэл учруулж болзошгүй.

Тухайлбал, тэмбүүгийн халдвар нь зулбах, амьгүй болон дутуу төрөх, нярай төрөлхийн тэмбүүтэй төрөх эрсдэлтэй. Заг хүйтэн төрөх үед нярайд дамжвал нүдний хүнд үрэвсэл үүсгэж, эмчлээгүй тохиолдолд хараанд нь аюул учруулж болно. Харин хламидын халдвар нярайд нүдний үрэвсэл, уушгины хатгалгаа үүсгэх боломжтой. ХДХВ нь жирэмсэн, төрөх болон хөхүүлэх үед эхээс хүүхдэд дамжих эрсдэлтэй.

Гэхдээ халдвар авсан жирэмсэн эмэгтэй бүрд эдгээр хүндрэл үүснэ гэсэн үг биш. Эрт илрүүлж, тохирсон эмчилгээ хийснээр олон хүндрэлээс сэргийлэх боломжтой.

2024 оны эхний найман сард Монгол Улсад жирэмсний хяналтад шинээр 38,648 эмэгтэй хамрагджээ. Тэдний 98.8 хувь нь тэмбүү, 97.9 хувь нь ХДХВ, 92.5 хувь нь трихомониаз, 92.4 хувь нь заг хүйтэн илрүүлэх шинжилгээнд хамрагдсан байна.

Хэрэв халдвар илэрвэл зөвхөн өөрөө эмчлүүлэх бус, бэлгийн хамтрагчаа мөн шинжилгээ, шаардлагатай эмчилгээнд хамруулах хэрэгтэй. Ингэснээр дахин халдвар авах, бусдад дамжуулах эрсдэлийг бууруулна.

Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт БЗДХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэх кабинет ажиллаж байна. Иймээс халдвар авсан байж болзошгүй гэж үзвэл шинж тэмдэг илрэхийг хүлээлгүй эмчид хандаарай. Бэлгэвчийг тогтмол, зөв хэрэглэх, эрсдэлтэй хавьталд орсон бол шинжилгээ өгөх нь өөрийгөө болон бусдыг хамгаалах чухал алхам юм.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version