Холливудын тулаант киноны од Жет Ли 23 настай, бага охин Жадагийн хамт Бутан Улсад очиж, 108 суварга бүтээх шашин, соёлын арга хэмжээнд оролцжээ.
Бутаны хаан Жигмэ Хэсар Намжил Ванчүкийн санаачилсан “Project 108” төслийн хүрээнд 11 дүгээр сарын 1-нд Гелепху хотод 108 суваргыг нэг өдрийн дотор босгосон байна. Энэхүү бүтээн байгуулалтад улс орны өнцөг булан бүрээс 40,000 гаруй сайн дурын ажилтан оролцжээ.
Өдгөө 63 настай Жет Ли зөвхөн ёслолд оролцоод зогсохгүй суварга бүтээх ажилд сайн дураараа гар бие оролцсон байна. Тэрээр охиныхоо хамт Бутаны хаан, хатантай уулзаж, дурсгалын зураг авахуулжээ.
Жет Ли энэ тухай цахим хуудсандаа мэдээлж, түүхэн бүтээн байгуулалтад оролцох урилга хүлээн авсандаа талархал илэрхийлсэн байна. Мөн уг сайн үйлс хүн бүрд аз жаргал, сайн сайхныг авчрахыг ерөөжээ.
Сүүлийн жилүүдэд Жет Ли кино урлагаас тодорхой хэмжээнд хөндийрч, буддын шашны зан үйл, бясалгал болон гэр бүлдээ илүү их цаг зарцуулах болсон. Тэрээр буддын шашны сургаал, бясалгал нь амьдралдаа илүү тайван хандахад тусалдаг тухай өмнө нь ярьж байв.
Бутаны “Project 108” санаачилга нь тус улсын Гелепху хотыг бясалгал, тогтвортой хөгжлийг хослуулсан шинэ хот болгон хөгжүүлэх томоохон төслийн нэг хэсэг юм.
Эх сурвалж: Lianhe Zaobao, Philippine Daily Inquirer, Жет Лигийн Instagram.
