Караоке бар эрхлэгчид дууны зохиогчдод төлөх зохиогчийн эрхийн төлбөрийн хэмжээ батлагдлаа
Оюуны өмчийн газрын дэргэдэх Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн зөвлөл караоке бар эрхлэгчдээс дууны зохиогчдод сар, улирал бүр тогтмол төлөх зохиогчийн эрхийн төлбөрийн хэмжээг баталлаа. Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP) энэ талаар мэдээлэл өгөв.
Караоке өрөөний цагийн орлого нь дууны бүтээлийг нийтэд тоглуулж ашигласны үр дүнд бий болдог. Иймд дууны зохиогчдод хуулийн дагуу бүтээл ашигласны төлбөрийг өрөө бүрийн тоогоор төлөх шаардлагатай.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 4.1.23-т заасны дагуу “нийтэд тоглох” гэдэг нь гэр бүлийн ердийн хүрээнээс гадуур, олон нийт цугласан газар бүтээлийг шууд болон техник хэрэгсэл ашиглан жүжиглэх, дуулах, хөгжимдөх, унших, бүжиглэх зэргээр тоглож үзүүлэхийг хэлнэ.
Өрөө бүрээс сар тутам төлөх төлбөр:
- Хотын төвийн барилгажсан бүсэд 1-3 өрөөтэй бол 30,000₮
- Хотын төвийн барилгажсан бүсэд 4-8 өрөөтэй бол 25,000₮
- Хотын төвийн барилгажсан бүсэд 9-өөс дээш өрөөтэй бол 20,000₮
- Гэр хороолол, орон нутагт өрөөний тооноос үл хамааран 15,000₮
Караоке бар эрхлэгчид лиценз авах хүсэлтээ https://moscap.mn/users/#license-turul линкээр илгээнэ.
