ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам: – “2026 оны төсвийн төсөлд манай яамны зүгээс шинэ соёл урлагийн бүтээн байгуулалт хийх санал огт өгөөгүй. Өмнөх барилга байгууламжаа барьж дуусгая гэсэн санал өгч тусгуулсан. Үүнээс хамгийн удаан явцтай байгаа 2 бүтээн байгуулалт Архангай, Дундговь аймагт байна. Энэ 2 аймгийн бүтээн байгуулалт анх 2009, 2010 онуудаас эхэлж яригдаж зураг төсөв нь гарснаас хойш 2 жилийн дараа улсын төсөвт суулгасан ч янз бүрийн асуудлаас болж барилгын ажил нь зогссон. Байшингаа барьж эхлэх үед төсөвт өртөг нь нэмэгдэх болон хууль эрх зүйн эсвэл цогцоор нь төлөвлөж чадаагүйгээс бүтээн байгуулалтын ажил сунжирсан. Тиймээс яамнаас гэрээг нь цуцалж шинээр зураг төсвийг нь хийлгээд улсын төсөвт гүйцээх ажлуудыг тусгаад явж байна.
Зарим компаниуд тендерт орсон боловч ажлаа албаар удааж төсөвт өртөгөө нэмдэг гэх асуудлыг гишүүд чуулганаар байнга ярьдаг. Тийм учраас барилгын хөгжлийн төв дээрх төсөвтэй холбоотой арга, аргачиллуудыг тодорхой болгож нягтлах ёстой гэж үзэж байна. Үүнээс гадна хайрга, дайрганы асуудал байнга яригддаг. Зөвшөөрлийг нь орон нутагт өгөхөөр зөвшөөрөлтэй гэх нэрийдлээр алт олборлодог. Засаг дээрээ авахаар уддаг зэрэг шат шатны асуудлууд байна. Эдгээрийг цогцоор нь судалж байж төсөвт суулгах хэрэгтэй.
Мөн цаашид сумын соёлын төвүүдийг “Соёл хөгжлийн төв” болгож хөгжүүлье гэж бодож байгаа. Нийслэлд байгаа иргэд соёл урлагийн хэрэгцээгээ олон байгууллагаас авдаг. Гэтэл суманд амьдарч байгаа иргэдийн соёл урлагийн хэрэгцээ соёлын төвөөрөө дамждаг. 100 гаруй жилийн түүхтэй соёлын төв түүхэн үүргээ гүйцэтгэсэн учраас дараагийн шатанд нь хөгжүүлэх хэрэгтэй. Соёл урлагийн байгууллагад ахуйн соёл ч мөн байх ёстой. Манай сумдад байгаа соёлын төвийн барилгуудын 70 хувь цэвэр бохирын шугамд холбогдоогүй байдаг юм байна лээ. Өнгөрсөн 4 жилийн туршлагаасаа хэрэгжүүлж сайжруулах, хөгжүүлэх бодолтой байгаа. Шинэ барилга байгууламж барихаасаа илүүтэй одоо байгаагаа сайжруулах дээр илүү төвлөрнө” гэлээ.
