Өдөр бүр дэлхий дээр тамхинаас болж 20,000 гаруй хүн нас бардгийг та мэдэх үү? Энэ нь нэг хот бүхэлдээ өдөр бүр алга болж байгаа гэсэн үг. Харин Монгол Улсад жил бүр 2,000 гаруй хүн тамхитай холбоотой өвчнөөр нас бардаг. Энэ тоо автомашины ослоор амиа алддаг хүмүүсийнхаас хэд дахин өндөр гэдгийг бид анзаарахгүй өнгөрдөг. Зам тээврийн ослоор жилд хэдэн зуун хүн амь насаа алдаж байгаа талаар мэдээнээс сонсож цочирдон хүлээж авдаг. Гэтэл өнөөдөр тамхинаас болж хэдэн хүн нас барлаа гэсэн мэдээлэл төдийлөн гардаггүй. Тиймээс чимээгүй осол болсон тамхины талаар сонсоод цочирдон хүлээж авдаггүй гэсэн үг.
Ямартаа л тамхины хайрцаг дээр “Тамхи таны амь насыг богиносгодог”, “Тамхи уушгийг гэмтээж, хорт хавдар үүсгэдэг”, “Тамхи таны хүүхдэд хор хөнөөлтэй”, “Тамхи татах нь таны болон таны эргэн тойрныхны эрүүл мэндэд хортой” гэх мэт аймшигтай зурагтай сэрэмжлүүлэг байдаг ч төдийлөн тоодоггүй. Гэтэл статистик хэлж байна.
Монголд жилд ойролцоогоор 500 хүн зам тээврийн ослоор амь насаа алддаг бол тамхины хэрэглээнээс үүдэлтэй зүрх судас, уушги, хавдрын өвчлөлөөр жил бүр 2000 гаруй хүн нас барж байна. Өөрөөр хэлбэл, өдөр бүр дөрвөн хүн ‘чимээгүй осолд’ өртөж, хэн ч анзааралгүй утаан дунд алга болдог гэсэн үг юм. Тэгэхээр тамхинаас үүдэлтэй өвчлөл, нас баралт зам тээврийн ослоос хэд дахин илүү гэдэг нь харагдаж байна. Хамгийн харамсалтай нь тамхи бол чимээгүй осол гэдгийг хэн ч мэддэггүй.
Тамхинаас шалтгаалсан өвчлөл болон нас баралтын улмаас Монгол Улсын эдийн засагт 857 тэрбум төгрөгийн зардал гарч байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2.3%-ийг эзэлж байна. Энэ нь манай улсын батлан хамгаалах зардлаас 3 дахин их хэмжээний мөнгө юм.
Тамхи тариалалтад зориулж жил бүр 200,000 га талбайг сүйтгэн 600 сая модыг тайрч, 22 тэрбум литр ус зарцуулж байгаа нь хүн амын, эмзэг бүлгийн хүн амын ундны усны нөөцийг барагдуулж байдаг тоон баримт байдаг. Энэ бүхнээс харахад бид тамхинаас татгалзах цаг аль хэдийн болжээ.
