Нүүр хуудас Эрүүл мэнд Монгол Улс ДЭМБ-тай уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн тогтолцооны санаачлагын хүрээнд хамтран...

Монгол Улс ДЭМБ-тай уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн тогтолцооны санаачлагын хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт болон архи, согтууруулах ундааны хяналтын асуудлаар байр сууриа илэрхийллээ.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 76 дугаар чуулган Фижи Улсын Нади хотноо үргэлжилж байна. Чуулганаар Уур амьсгалын өөрчлөлт ба эрүүл мэндийн тогтолцооны сөрөн тэсвэрлэх чадвар, Архи, согтууруулах ундааны хяналт, ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөл дэх бүсийн төлөөлөл зэрэг асуудлаарх холбогдох баримт бичгүүдийн хэлэлцүүлэг боллоо.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах чиглэлд Монгол Улс эрүүл мэндийн салбарын дасан зохицох чадварыг бэхжүүлэх, цаг уурт мэдрэг өвчний эрт сэрэмжлүүлэх тогтолцоог хөгжүүлэх, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагад сэргээгдэх эрчим хүчний шийдэл нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг авч буйгаа мэдээлэв.
Архины хэрэглээний хор хөнөөлийг бууруулах асуудлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигийн дагуу “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” болон “Онцгой албан татварын тухай” хуулийг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах замаар архины хатуулагт суурилсан шаталсан татварын системд шилжиж, 38%-ийн хатуулагтай этилийн спирт агуулсан архины хатуулгыг 10 жилийн хугацаанд жил бүр 2 хувиар үе шаттайгаар бууруулах зэрэг урт хугацааны бодлого хэрэгжүүлж байгаа нь ДЭМБ-ын “SAFER” багцын үндсэн чиглэлүүдтэй уялдаж байгааг онцлов.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд 2019 онд баталсан Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн салбар уур амьсгалын өөрчлөлтөд мэдрэг өвчний эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бий болгох, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудад сэргээгдэх эрчим хүчний шийдэл нэвтрүүлэх ажлыг туршиж эхлүүлээд байгааг онцлов. Энэ хүрээнд ногоон санхүүжилт, техникийн чадавх, мэдээллийн хүртээмжгүй байдал зэрэг сорилт тулгарч буй тул ДЭМБ-тай уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн тогтолцооны санаачлагын хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version