Иргэд нийтийн тээврийн автобусаар зорчиход хоёр төрлийн төхөөрөмжөөр төлбөрөө төлдөг. Энэ системийг өөрчилж Тавдугаар сарын 2-ноос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулдаггүй болно.
Төхөөрөмжийн шинэчлэлийн талаар “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн бизнес хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Гэрэлт-Од “Нийтийн тээврийн автобусны төлбөрийн картыг тавдугаар сарын 2-наас эхэлж, нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно. Энэ нь амар хялбар болж байгаа гэсэн үг. Шинэ систем дээр бүх төрлийн картыг уншиж байгаа. Мөн UBcard төхөөрөмжид Umoney болон банкны карт, UBcard апп, QR уншина.
Автобуснаас буухдаа заавал картаа дардгийг больж байгаа. Автобусанд орохдоо чернилэн ягаан өнгөтэй буюу UBcard төхөөрөмж дээр картаа дараад явахад болно. Мөн UBcard аппликэйшнээр Umoney картыг цэнэглэдэг болж байгаа” гэлээ.
2024 онд нийтийн тээврийн салбар 33 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байсан бол 2025 онд 56.7 тэрбум төгрөгийн орлого олсон буюу 69 хувиар нэмэгдэж, зорчигчийн тоо өсжээ.
