Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Тус шийдвэрийг танилцуулах үеэр Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин ипотекийн зээлийн журмыг шинэчлэх ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Засгийн газрын орон сууцны санхүүжүүлэлтийн тогтолцоог сайжруулах, бусад өндөр хөгжилтэй орнуудын сайн жишигт тулгуурлан үр ашгийг нь дээшлүүлэх, хүртээмжтэй болгох, хүүгийн зардлыг бууруулах чиглэлээр ажлын хэсэг гарсан. Ипотекийн зээлийн банк байгуулах асуудал яригдаж байгаа.
Монголбанкнаас 6 хувийн хөнгөлөлттэй ипотекийн хөтөлбөртэй холбоотойгоор журамд тодорхой заалт оруулж, шаардлагатай хүмүүст нь хүртээмжтэй болгох чиглэлээр санал боловруулсан. Үүнийг Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажилтай нь уялдуулж хийхээр төлөвлөж байна. Энэ ажил нь 2026 онд хийгдэх тооцоололтой байгаа. 6 хувийн хөтөлбөрийн хувьд 2025 он гарснаас хойш 800 орчим тэрбум төгрөгийн зээлийг 6200 орчим иргэнд олгосон. Энэ онд Монголбанк, Хуримтлалын сан, банкуудын эх үүсвэрээр 1.2 их наяд төгрөгийн 6 хувийн ипотекийн зээл гаргана. Зээл авагчдын 35-36 хувь нь орон нутгийн иргэд байна” гэлээ.
