Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзаж, хэлэлцээ хийх, хамтран ажиллах талаар санал солилцож, Ажлын хэсэгт тодорхой чиглэл өглөө.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 16 ордод хайгуулын болон ашиглалтын 81 тусгай зөвшөөрлийг давхардсан тоогоор 41 хуулийн этгээдэд эзэмшиж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөл өнөөдрийн уулзалтад оролцсон юм. Стратегийн ордуудын өгөөжийг шударгаар хуваарилах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах нь уулзалтын зорилго гэж гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд, Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн хоёрдугаар хэсэг болон Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын зорилгыг дэмжиж буйд талархал илэрхийллээ.
Үндсэн хуулийн энэ зарчим, үзэл санааг баталгаажуулж Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд 2024 оны 4 дүгээр сард батлагдсан нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч хуулийн этгээдийн төрд ногдох хувь хэмжээг тогтоох, түүнд хамаарах ногдол ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн байна.
Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 8 дугаар сард захирамж гаргаж, Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийг Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалж, стратегийн ач холбогдол бүхий ордуудад үйл ажиллагаагаа явуулж байгаа болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хэлэлцээ хийж байна.
Ажлын хэсэг чиг үүргээ хэрэгжүүлэхдээ байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлж, хууль ёсны эрх ашгийг нэн тэргүүнд тавина. Тэгш, шударга, нээлттэй байх зарчим баримтална. Мөн баялаг бүтээгчдийнхээ бизнесийн үйл ажиллагаанд аливаа үндэслэл, шаардлагагүйгээр саад бэрхшээл учруулахаас сэргийлж ажиллана гэлээ.
