2025 оны 9 дүгээр сарын 23-нд Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын II Компакт гэрээний буюу Усны Компактын гурван гол төслийн нэг Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээд гэр хорооллын шугамд холбогдсон 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж, 09.23-ны өдөр Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар албан ёсоор хүлээлгэн өглөө.
Гэр хорооллын ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлж, УСУГ-ын үйл ажиллагааны зардлыг бууруулах зорилготой 2023 оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжсэн уг төслийн хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 61 хороонд байрлах 180 ус түгээх байрны цахилгаан, узель, өнгөлгөө засал, аюулгүй ажиллагааны системийг иж бүрнээр шинэчилж, ухаалаг төхөөрөмжөөр тоноглон автоматжууллаа. Мөн өмнө нь автоматжуулсан 151 ус түгээх байрыг нэгтгэн, нийт 331 ус түгээх байрны үйл ажиллагааг хянах нэгдсэн хяналт, удирдлагын системийг амжилттай нэвтрүүлжээ.
Төслийн үр дүнд нийслэлийн гэр хорооллын олон мянган иргэн ус түгээх байраар цагийн хязгаарлалтгүй үйчлүүлэх боломжтой ба ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан усны картаар болон төлбөрийн олон төрлийн цахим хэрэгсэл ашиглан усаа авах, цаашлаад усны хэрэглээгээ хянах нөхцөл бүрдэж байгаа юм. Шинэчлэгдсэн 180 ус түгээх байрны 21 нь ачилтын ус түгээх байр бөгөөд ачилтын ус түгээх байруудыг автоматжуулснаар УСУГ-ын зөөврийн 370 гаруй ус түгээх байрыг усаар хангадаг 60 орчим усны машин болон Онцгой байдлын ерөнхий газрын Гал унтраах, аврах ангийн машинууд усаа ямар ч цагт саадгүй авах боломжтой болсноороо чухал ач холбогдолтой.
Ёслолын үйл ажиллагаа Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны 207 дугаар ухаалаг ус түгээх байрын гадна талбайд болж, УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, АНУ-ын Мянганы сорилтын сан, гүйцэтгэгч “Эйч Ти Эл” болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцов.
