Хүүхдээс хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах боломжийг хуулиар нээнэ
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Бейсейн:
-Дэлхийн чиг хандлага амьгүй донор буюу аваар осолд ороод амьдрах чадваргүй болсон, аль эсвэл тархи үхэжсэн иргэнээс эд эрхтэн шилжүүлэн суулган авч байна. Амьд донороос эд эрхтэн авахыг хойш тавьж байна. Эрхтнээ өгч байгаа иргэн эрүүл мэндээрээ хохирдог, учир нь дараа нь өндөр эмчилгээний төлбөр шаарддаг. Энэ асуудал дээр ямар бодлого барьж байна вэ? Хүүхдэд элэг бөөр шилжүүлэн суулгах, цусны өвчтэй хүүхдэд чөмөг шилжүүлэн суулгах асуудалд онцгой анхаарах шаардлага байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв/ЭХЭМҮТ/-тэй хамтарч шийдэхгүй бол том хүний эд эрхтэн хүүхдэд анатоми физилогийн хувьд тохирохгүй асуудал байгаа. Үүнийг Урологийн алба, Цусны төвтэй хамтраад шийдэх талд ямар бодлого барьж байна вэ?
Ажлын хэсгийн гишүүн, Эрүүл мэндийн хөгжлийн төв Б.Алтантулга:
-Олон улсад эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны 90 гаруй хувь нь амьгүй донороос, үлдсэн 10 гаруй хувь нь амьд донороос хийгддэг. Хэрвээ тухайн хүний амь нас ойрын нэг сарын хугацаанд эрсдэх гээд байгаа тохиолдолд гэр бүлийнх нь гишүүнээс буюу амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгадаг. Бусад бүх тохиолдол нь төлөвлөгөөт мэс засал буюу амьгүй тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгадаг. Монголд өнөөдрийг хүртэл эсрэгээрээ буюу 90 гаруй хувь нь амьд донороос, үлдсэн 10 гаруй хувь нь амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгадаг.
Шинэ хуулийн төсөлд холимог тогтолцоог оруулж өгснөөр олон улсын жишигтэйгээ нийцнэ гэж үзсэн. ЭХЭМҮТ дээр эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудлыг дэмжиж, зохицуулалт хийж ажиллаж байна. ЭХЭМҮТ дээр өнөөдөр элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгдэж байна.
Бөөр шилжүүлэн суулгах багийг хамтран байгуулаад энэхүү мэс заслыг зохион байгуулаад явж байна.
Ясны хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах тогтолцоог Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлэгтэй хамтраад баг бэлдэх, чадавхижуулах, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх, дэвшилтэт технологийг нь нэвтрүүлээд явж байна. Манай хуулийн төсөл дээр амьгүй донорт насны хязгаар заахгүй гэж орсон. Энэ нь хүүхдээс хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах боломжийг нээж өгч байгаагаараа хуулийн төсөл онцлогтой.
